Montag, 6. September 2010

Совольевын шүлэг Ганаа ахын орчуулснаар

Үг нь хэдий зэрлэг авч, Панмонголизм !
Үнэхээр чихэнд сонсголонтой байна.
Бурхдын тавилангаар дүүрэн
Буухиа мэдээ шиг сонсогдож байна.

Бузартсан Византид тэр үед
Бурхны алтан ганжир гунджээ
Хан харцгүй хамаг бүхэн
Халамжит Мессээс нүүр буруулжээ.

Алдар нэргүй, харь ард түмэн
Алс Зүүнээс өндийн босчээ.
Үйлийн лайтай хүнд зэвсгэнд нь
Үнсэн товрогоор эргэв, хоёр дахь Рим…

Өнгөрсөн Византийн хувь тавиланг
Өнөөгийн бид давтахыг хүсэхгүй.
Одоо чи Гурав дахь Рим гэж
Оросын худалч нар давтан баталж байна.

Бурхны гэсгээлийн зэвсгийн
Булт нөөц шавхагдаагүй, тэгж л байг.
Сэргэн боссон аймгуудын цутгалан
Шинэ цохилтод бэлтгэж байна.

Малайн уснаас Алтай хүртэл
Манлай жанжид Дорнын арлуудаас төрж
Толгой гудайсан Хятадын ханын дэргэд
Тоо томшгүй цэргээ цуглуулж байна.

Цадаж ханахгүй царцаан сүргийн
Цаадах тоог нь хэлж баршгүй.
Умрыг чиглэсэн аймгуудаас
Урьдын хүчээр хамгаалж дийлэхгүй.

Хоёр толгойт бүргэд ниргэгдлээ
Хоосон алдраа март даа, Орос минь.
Шалчийсан тугны чинь өөдсөөр
Шар хүүхдүүд зугаацан наадна.

Хайрын дуудлагаа мартаж чадах нь
Харанхуй айдас, түгшүүртэйгээ эвлэр.
Үнсэн дунд Гурав дахь Рим уналаа
Үнэндээ гэхэд дөрөв дэх нь байхгүй…

(Поэзия Серебряного Века. Москва, “Художественная Литература”, 1991 номноос авав.)

Ганаа ахын бичлэгээс: "Оросын гүн ухааны толь бичгүүдэд өгүүлснээр “Панмонголизм” хэмээх нэгэн зөнч шүлгийг Оросын нэрт гүн ухаантан В.С.Соловьев 1894 онд бичиж, энэ нь хожим “Вопросы жизни” сэтгүүлийн 1905 оны № 8-д анх хэвлэгдсэн байна. Энэ шүлэг нь “Антихристийн тухай товч туужийг хавсарган оруулсан дайн, дэвшил, дэлхий дахины түүхийн төгсгөлийн тухай гурван яриа” хэмээх гүн ухааны бүтээлд орсон байдаг аж. Энэхүү урт нэртэй бүтээлийг товчоор “Гурван яриа” хэмээн нэрлэж заншжээ. Миний шүлэг орчуулах гэдэг ч хэтэрхий марзан асуудал боловч танил найрагчид маань энэ зун ёстой зад амарч байгаа бололтой утсаа авдаг “амьтан” ганц ч алга. Ингээд арга буюу өөрөө оролдохоос өөр арга надад байсангүй."

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen