Ухаан богинотой алхалж гомдоосон удаа үгүйсэн
Будлиулж намайг зовоолгүй сэтгэлээ дэлгэ найз минь
Буруу зөрүү хоёроо ойлгохыг би хичээнэ
Чилэх зав чадалгүй салхи сөрөн алхахдаа
Чиний хайранд автчихаад сөгдөх чинээ санасангүй
Хүссэн чигээ зорин чөлөөтэй зоргоор аялахдаа
Хүний сэтгэлийг харгалзан саатдаг болохоо мэдсэнгүй
Өөрийнхөө л туулах амьдралын хар цагааныг голлуулан
Өрөөлд хамаагүй бүгдийг зүрхэн дотроо нуучихаад
Зам зөрсөн мөчдөө чиний нүдэнд умбаснаас
Заяа тавилан хоёр минь дураар сэлгүүцхээ больчих шиг...
Тэгэвч би зөвхөн энэ шийдвэрийг өөрчлөхгүй,
Тэнгэрт ойрхон дорныг зорихгүй байж чадахгүй,
Унаж босож хөлд орсон нутгийг минь хайрлаж чадахгүй бол
Уйлан хайлан гуйгаад ч намайг буцааж дөнгөхгүй
Муухай сайхан хоёул оршдог шар талаа би орхихгүй
Мунхаг цэцэн нь хослон байдаг монголоо огоорч зүрхлэхгүй
Үндэс мөчрөөсөө салсан цэцэг ганддаг биш билүү?
Үйлтэй амьдралын зам дээр би бүдэрхийг хүсэхгүй.
© 1999 by Л. Алдармаа Düsseldorf
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen