Freitag, 2. April 2010

Эрүүл үрс Save infants

Монголд маань нэг үеэ бодвол амьдралын төвшин дээшлэж байгаа боловч энэ нь бүх нийтийг хамарч төдийлөн амжаагүй хэвээр. 1990 оны эхээр 10 гаруйхан настай байхдаа 2010 оны монголын нийгмийн амьдралыг төсөөлж ч чадахгүй явсан хүүхдүүд өдгөө нэгэнтээ халаагаа авч хариуцлагаа үүрч өөрсдийн мэдэрч өссөн хайр халамжийг бусдадаа түгээх чадалтай болжээ. Хэсэг хэсэг найзууд энд тэнд нэгдэцгээж чадлаараа хөдлөж эхэллээ. "Эрүүл үрс" ч мөн адил "Эх орондоо туслах юмсандаа, яаж туслах вэ?" хэмээн бодлогоширч явсан Бадамдоржийн Сарнай ба түүний багын найзуудын сэтгэл шулуудан зоригтой хөдөлсөний үр дүн. Энэ эрч хүчийг мэдэрсэн Ган-Очир ах Бямбаа эгч гээд олон монголчууд нэгдэн түрж байна. Care4kids нэртэй Нараагийн байгууллага бүхэл дэлхийд инээмсэглэл бэлэглэхээр зорьж. Бас нутагтаа байгаа залуус Rotaract club of khuree нэртэй байгууллага нээгээд ажиллаж байгаа гэх. Эдгээр залуус   зорилгодоо хүрэхээр тэмүүлсний үр дүнд нийгмийн уур амьсгал дулаарч эхэлнэ, хайр халамж гэдэг унасан газраа үр өгөөжөө өгч үржил шимт хөрс үлдээж байдаг хүмүүний нэгэн гайхамшигт билиг юм даа. Монголынхоо төлөө монгол залуус аяндаа гарахад монголын үрс монгол хайрыг мэдэрч өснө.

Эрүүл үрс хэмээх бэлэг дэмбэрэлтэй нэрний цаана АНУд суугаа монголчууд байгаа. Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт дутагдаж ховордож байгаа хэрэгсэлүүдийг нь монголчуудтайгаа хамтран худалдан аваад гардуулж байхыг зориод байгаа нь энэ. Эх нялхасын төвд эмчилгээний төрлөөрөө ангилагдсан тасагууд байдгаас ХЭЭТ буюу Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг (pediatric intensive care unit) нь улсын бүх эмнэлгүүдээс ирэх 1 sartaigaas 18 насны хүндэрсэн хүүхдүүдэд эмчилгээгээ хүргэдэг аж. Улсын хэмжээний үйлчилгээтэй гэхлээр аймаг орон нутаг болон сум дүүргүүдийн харъяалалын бүх хүүхдүүд багтаж байх нь ойлгомжтой.

ХЭЭТ нь тасгийн эрхлэгчтэйгээ нийлээд 7 их эмчтэй, сувилгаа сувилахуйг хариуцсан 1 зохион байгуулагч буюу менежертэй, 12 эмнэлгийн ортой үүнд нийт 16 сувилагчаас нэг ээлжинд 4 сувилагч ажиллаж мөн өдрийн 1 сувилагч байдаг нь хүүхдүүдийнхээ шинжилгээг бүрдүүлэх, эмчилгээнд нь аваад явах зэргийг хариуцаж байдаг, мөн тусгай үйлчилгээний газарт хамаарагддаг 4 асрагчтай бөгөөд нэг ээлжинд нэг асрагч явдаг юм байна.
Өвчлөлийн байдал нь тухайн үедээ монголд түгээмэл байгаа өвчин байдаг бөгөөд ерөнхийдөө эмчлүүлэхээр ирсэн хүүхдүүдийн зовиур дийлэнх 4 төрөлтэй байгаагаас үүний 40 - 50% нь амьсгалын замын өвчтэй байдаг аж. Үүнд хатгалгаа, ларингит гэж нэрлэгдсэн хоолой боодог өвчин, астма хэмээх гуурсан хоолойн агшилт гэх мэт амьсгалын замын өвчин багтдаг гэнэ. Хоёрдугаар өвчин нь мэдрэлийн болон мэдрэлийн тогтолцооны өвчин - унадаг татдаг хүүхдүүд, тархины цус харвалт, идээт менингит гэх мэт тархь толгойтой холбоотой өвчин байна. Гуравдугаарх нь хоол боловсруулах замын өвчин буюу хамгийн түгээмэл нь хурц болон архаг суулгалтууд . Дөрөв дэхь нь эм хорт бодисын хордолт байдаг байна. Үүнд буруу эм хэрэглэснээс, эсвэл тунг нь хэтрүүлснээс хордсон, өвлийн улиралд угаарын хийд хордсон, янз бүрийн цавуу цэвэрлэгээний нунтаг, уусмалуудад хордсон байх тохиолдлууд гардаг хэмээн хүүхдийн их эмч А. Оюунчимэг ярилаа.
Хүүхдийн эндэлт сүүлийн жилүүдэд 10 % байсан бол 2009 оны байдлаар 7%-8% байгаа аж. Уг эндэгдлийн бүтэц нь шалтгааны тоогоор 1. амьсгалын замын өвчин 2. төрөлхийн зүрхний гажиг 3. мэдрэлийн өвчин, цус харвалтууд , менингит 4. суулгалтууд байсан юм байна.

Сүүлийн үед ХЭЭТд ирж байгаа төрөлхийн гажигтай, тэр тусмаа төрөлхийн зүрхний гажигтай хүүхдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдэж байгаагийн улмаас эндэгдлийн хувьд бүтцийн өөрчлөлт гарч байгаа нь энэ.
Эх нялхасын төвийнхөн хэцүүг хэцүү гэж шантралгүй дутагдаж байгаа зүйлсээ монгол ухаанаар гүйцэлдүүлж олон түмэндээ, бяцхан үрсдээ тусалсаар яваа. Сайн үйлсэд нь сэтгэлийн урам зориг, бодит дэмжлэг нэмж байгаа залуустайгаа цуг ирээдүйн зүг өөдрөг алхалж байнам бусуу.
Photos © 2010 by PaxM

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen